Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохАЗИЙН САЙД НАР ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ОЛСОН АМЖИЛТ, ТУРШЛАГА, СУРГАМЖАА ХУВААЛЦАЖ БАЙНА

АЗИЙН САЙД НАР ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ОЛСОН АМЖИЛТ, ТУРШЛАГА, СУРГАМЖАА ХУВААЛЦАЖ БАЙНА

Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 3-нд нээлтээ хийсэн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын хүрээний Сайд нарын хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааныг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг удирдан явуулж байна.

Сайд нарын хуралдаанд тус бага хуралд хүрэлцэн ирсэн Ази, Номхон далайн бүсийн 50 гаруй орны төлөөлөгчийн тэргүүн нар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг болон 2016-2018 оны Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд тус тусын улсад хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, ололт амжилт, туршлага ба сургамж, тулгамдсан асуудлын талаар танилцуулж, цаашид бүсийн түвшинд хамтран ажиллах боломж, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож байна.

Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг батлахад дэмжиж, тодорхой саналуудыг тусгуулсан орны хувьд Монгол Улсын Засгийн газраас уг баримт бичгийн зорилго, зорилтуудтай уялдуулан холбогдох хуулиудыг шинэчлэн баталсан, гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлага, зохицуулалтын механизмыг бүрдүүлэх, бодлогын баримт бичгүүд, дүрэм, журмыг батлах, шинэчлэх чиглэлээр хийсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ манай улс гамшгийн аюулууд, түүний дотор газар хөдлөлтийн болзошгүй аюулын эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах талаар ихээхэн анхаарч байгаа бөгөөд олон улсын жишигт нийцсэн гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвүүдийг байгуулж,  иргэд, хүүхэд залуучуудад газар хөдлөлт, гал түймрийн аюулаас өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг, дадал олгох үйл ажиллагааг явуулж байгааг дурдав. Мөн манай улсаас Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах платформыг Монгол Улсад байгуулах санаачлагыг дэвшүүлж “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа, хэлэлцээ” олон улсын IY, Y бага хурлаар хэлэлцүүлсэн талаар өгүүлж, энэхүү санаачилгыг бүс нутгийн орнууд дэмжиж ажиллана гэдэгт итггэж буйгаа илэрхийлэв.