Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЮНЕСКО-ГИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ТУХАЙ БАРИМТАТ КИНОНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ОРОЛЦОВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЮНЕСКО-ГИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ТУХАЙ БАРИМТАТ КИНОНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ОРОЛЦОВ

Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар өнөөдөр Монголын уран зургийн галерейд зохиогдсон “Монголчуудын соёлын биет бус өв: Нүүдлийн соёлын эрхэмсэг оршинхуйн увидас” сэдэвт баримт кинонуудын нээлтийн ёслолд оролцов.

 

НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийг 2003 онд баталж, Монгол Улс энэ конвенцид 2005 онд нэгдэн орсноор соёлын арвин өвөө хамгаалж, өвлүүлэх төдийгүй олон улсын түвшинд дэлгэн таниулах өргөн боломжтой болсон. Монгол Улс эдүгээ өөрийн соёлын биет бус 14 өвөө ЮНЕСКО-д бүртгүүлээд байна.

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай энэ конвенцид нэгдэн орсон улс орнууд нь соёлын биет бус өвөө бүртгэж, хамгаалахаас гадна түүнийг нийтэд таниулах, хойч үедээ өвлүүлэх, энэ үйл хэрэгт олон нийтийг, ялангуяа хүүхэд, залуучуудыг өргөн хамруулах үүргийг хүлээдэг.

Энэ зорилгын хүрээнд “Байгаль, соёлын өв хамгаалах сан” төрийн бус байгууллага нь ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах Ази, Номхон далайн бүсийн төвийн тусламжаар, манай эрдэмтэн судлаач, киноны уран бүтээлчидтэй хамтран Монгoлчуудын биет бус соёлын өвийн 10 төрөл зүйлээр баримтат кино бүтээсэн байна.

Хүүхэд настай холбоотой зан үйл, монгол гэр, морин хуур, уртын дуу, хөөмэйн түрлэг, хурдан морь шинжих, нум сум урлах, уул овоо тахих, шагайн наадгай, хөхүүрийн айраг зэрэг монгол ахуйгаас салгахын аргагүй эдгээр нандин уламжлалаа даяаршин буй өнөөгийн цагт хүүхэд багачууддаа мэдүүлж, өвлүүлэхээс гадна, энэ өв соёлоороо бусдаас өвөрмөц ялгарч, бусадтай  хуваалцах ёстой. Энэ бол манай “зөөлөн хүч”-ний гадаад бодлогын чухал хэсэг юм.

Монголчуудын энэ арвин өв маань соёл, ахуйн нандин уламжлал төдийгүй, манай тусгаар тогтнолын тархлаа бөгөөд соёлын энэ арвин өв, уламжлалаа  эх орондоо төдийгүй дэлхийн улс орнуудад үзүүлж, таниулснаар энэ тархлаа бэхжих болно.

Монгол Улс уртын дуу, морин хуур хөгжим, монгол цуур хөгжим, бий биелгээ, тууль, хөөмэй, үндэсний баяр наадам, лимбэ хөгжим, монгол уран бичлэг, монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, шагайн харваа, ингэнд ботго авахуулах уламжлалт зан үйл, бүргэдийн баяр, уул овоо тахих монгол зан үйл зэрэг соёлын биет бус өвөө ЮНЕСКО-д эдүгээ бүртгүүлээд байна.