2018 оны 6 дугаар сар 15
Сүүлийн хоёр өдөр бид Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын өөрчлөгдөн байгаа орчны талаар идэвхтэй яриа хэлцээ өрнүүлж, санал бодлоо хуваалцлаа. Энэ хэлэлцүүлгийн үйл явцаас дараах зүйлсийг цохон тэмдэглэж байна. Үүнд:
Нэгдүгээрт, дээд түвшний уулзалтууд, тэдгээртэй холбогдох үйл явдлын тухай. Саяхан болж өнгөрсөн дээд түвшний уулзалтууд, тодруулбал, хоёр Солонгосын дээд түвшний уулзалтууд, АНУ-БНАСАУ-ын дээд түвшний уулзалтын талаар бид харилцан адилгүй санаа бодол илэрхийлж, Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын цаашдын өрнөлийн тухай төрөл бүрийн таамаглал, зураглал дэвшүүллээ.
Асуудлын өрнөлийг бидний зарим нь өөдрөг, зарим нь төдийлөн өөдрөг бус буюу “өөдрөг боловч болгоомжилсон” байдлаар харж байв. Гэхдээ бид Сингапурын дээд түвшний уулзалт өндөрлөсний дараахан хуралдаж байгаа тул чингэх нь зүй ёсны асуудал юм. Харин харилцан адилгүй санаа бодлоос үл хамааран эдгээр дээд түвшний уулзалт нь түүхэн зорилтуудыг дэвшүүлсэн, дэлхий нийтийн аюулгүй байдлын яриа хэлцээнд эргэлт хийсэн үйл явдлууд гэдэгт бид санал нэгдсэн.
Өдгөө харилцан тохиролцсон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал асуудал мөн. БНАСАУ-БНСУ болон БНАСАУ-АНУ-ын хэлэлцээний мөрөөр авах хоёр талын үйл ажиллагааг бүс нутгийн болон олон талт хүч чармайлтаар дэмжих тухай саналууд гарсан.
Хоёрдугаарт, 2025 хүртэлх Зүүн хойд Азийн аюулгүй байдлын нэгдсэн механизм, хэтийн төлөвийн талаар. Бүс нутгийн хамтын ажиллагааны боломж, аюул заналын талаар төдийгүй хоёр талт, олон талт, глобал түвшний зураглал, хэрэгжүүлэх арга зам, механизм, стратегитэй холбоотой өргөн хүрээний сэдвийг хэлэлцлээ.
Улаанбаатарын яриа хэлцээг Хельсинкийн үйл явц шиг бүс нутгийн аюулгүй байдлын олон талт механизм болгон хөгжүүлж болох тухай сонирхолтой саналыг энэ удаагийн уулзалт дээр дэвшүүллээ. Зүүн хойд Азийн аюулгүй байдал бол манай гадаад бодлогын хүрээнд урт хугацаанд анхаарал хандуулж буй асуудлын нэг бөгөөд энэ чиглэлээр бид олон санаачилга гаргаж ирсний нэг нь Улаанбаатарын яриа хэлцээ билээ. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын нэгдсэн механизм болон хөгжиж чадахуйц бусад хурал чуулган манай бүс нутагт байгаа. Тийм учраас үр дүнтэй, бат бэх аюулгүй байдлын механизмыг бүрдүүлэх тухай асуудал бидний дараа дараачийн уулзалтын сэдэв байх нь тодорхой. Улаанбаатарын яриа хэлцээ, Зүүн хойд Азийн Энх тайван, хамтын ажиллагааны санаачилга, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Церматтын уулзалт зэрэг үйл явцыг өөр хооронд нь уялдуулах талаар саналууд гарав.
Гуравдугаарт, итгэлцэл, харилцан ойлголцлыг хөгжүүлэх асуудлаар. Зүүн хойд Азид бат бэх, тогтвортой энх тайвныг тогтооход итгэлцлийг бүрдүүлэх нь амин чухал гэдгийг өчигдрийн илтгэгчид цохон тэмдэглэж байв. Харилцан ойлголцол дээр суурилсан үр дүнтэй хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлснээр манай бүс нутаг төдийгүй дэлхий дахинд олон талт хамтын ажиллагаа хөгжих юм.
Бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцийн үйл явцыг хөгжүүлэхийн ач холбогдлын талаар хурлын үеэр мөн онцоллоо. Энэ нь манай Зүүн хойд Азийн бүс нутаг цаашдаа дэлхий дахинаа илүү үр өгөөжтэй, идэвхтэй үүрэг оролцоотой болоход ихээхэн чухал, салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж би үзэж байна. Зүүн хойд Ази дахь эрчим хүч, хүрээлэн буй орчны хамтын ажиллагаа, гамшгийн эрсдлийг бууруулах болон хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээрх хэлхээ холбоо зэрэг асуудлыг үдээс өмнөх салбар хуралдаануудаар хэлэлцлээ.
Улаанбаатарын яриа хэлцээ олон улсын бага хурал энэ жил хоёр дахь удаагаа эрдэмтэн судлаачид болон засгийн газрын төлөөлөгчдийг хамруулан 1.5 дугаар сувгийн түвшинд зохиогдлоо. Бүс нутгийн аюулгүй байдлын орчин нөхцөлийн сүүлийн үеийн өрнөл болон ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар бие биеийнхээ байр сууриа илүү сайн харилцан ойлгоход санал солилцоо, оролцоо ихээхэн чухал болохыг нэгдүгээр сувгийн түвшинд болсон дугуй ширээний уулзалт нотоллоо.
Улаанбаатарын яриа хэлцээ бүс нутгийн улсууд төдийгүй бусад улсын өргөн дэмжлэгийг авч яриа хэлцээний тогтсон механизм, санал бодлоо нээлттэй солилцох талбар, урагшлах боломжийг эрэлхийлсэн асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг болон хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Улаанбаатарын яриа хэлцээний цаашдын дүр зургийг тодорхойлоход дөхөм болохуйц алсын хараа, хөгжлийн замын зургийн талаар санал, зөвлөмжүүд хурлын үеэр гарлаа. Улаанбаатарын яриа хэлцээг шинэ Хельсинк болгох эрмэлзэл, бүс нутаг дахь ижил төрлийн яриа хэлцээ, механизмтай хамтын ажиллагаа хөгжүүлэх санал зэрэг энэ чиглэлээр та бүхний дэвшүүлсэн үнэтэй санал, зөвлөмжид бид туйлын талархалтай байна.
Түүнчлэн Улаанбаатарын яриа хэлцээ бага хурлын хүрээнд хэлэлцэх асуудлын сэдэв, яриа хэлцээний зохион байгуулалтын хэлбэр, мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ, хурлын үеэр болон хурал хоорондын хугацаанд зохион байгуулах арга хэмжээ зэрэг асуудлыг бид цаашид анхааралдаа авах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан Улаанбаатарын яриа хэлцээний хамрах хүрээ, агуулгыг илүү өргөн болгон хөгжүүлэх тухай доктор М.Тамайгийн саналыг тэмдэглэж байна. Зүүн хойд Азийн бүс нутгийн бүх улстай найрсаг харилцаа хөгжүүлж буй улсын хувьд Монгол Улс энэхүү үзэл санааг бодит ажил хэрэг болгох бүрэн боломжтой билээ. Энэ бол цаашид нухацтай авч үзэх сонирхолтой санал юм. Нөгөөтэйгүүр, цомхон хүрээнд гол асуудлууддаа төвлөрч, илүү үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэх тухай санал гарсан нь манай энэхүү санаачилгаас тодорхой зөвлөмж гаргахад чиглэсэн анхаарал татсан санал байлаа. Улаанбаатарын яриа хэлцээний дараагийн хуралд бэлтгэхдээ бид энэ бүх зөвлөмжийг анхааралтай авч үзэх болно.
Энэхүү хурлыг бидэнтэй хамтран зохион байгуулсан Стратегийн судалгааны хүрээлэн, хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Улс төрийн газар, Фридрих-Эбертийн сан, Улаанбаатарын яриа хэлцээ олон улсын V бага хуралд оролцсон хүндэт эрдэмтэн судлаачид, засгийн газрын төлөөлөгчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Анхаарал тавьсанд баярлалаа.