Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын V Бага хуралд оролцож буй БНАСАУ-ын ГХЯ-ны Зэвсэг хорогдуулах, энх тайвны хүрээлэнгийн захирал Ким Ён Гүк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Захирал Ким Ён Гүк энэ удаагийн V Бага хурал БНАСАУ байгуулагдсаны 70 жил, БНАСАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй түүхэн цаг үед болж буйг онцлон тэмдэглэв. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгыг БНАСАУ дэмжиж байгааг тэрээр дурдав.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ онд мөн БНАСАУ-ын Удирдагч асан Ким Ир Сен Монгол Улсад хоёр дахь удаа албан ёсны айлчлал хийсний 30 жилийн ой тохиож буйг онцлов. Тэрээр энэ оны 4, 5 дугаар сарын БНАСАУ, БНСУ-ын хоёр удаагийн дээд түвшний уулзалт, энэ сарын 12-ны өдрийн БНАСАУ, АНУ-ын дээд түвшний уулзалт тус тус амжилттай болсонд баяр хүргэж, холбогдох талууд хоорондын яриа хэлэлцээ нь бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал түлхэц болно гээд “Улаанбаатарын яриа хэлцээ” нь бүс нутагт яриа хэлэлцээг тогтмолжуулах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилготой болохыг онцлов.
Уулзалт найрсаг уур амьсгалд болж, Монгол, Солонгосын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болов.