Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохТНБД Д.ДАВААСҮРЭН ЯПОН УЛСЫН ГХЯ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ Ф.ШИМИЗҮ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ТНБД Д.ДАВААСҮРЭН ЯПОН УЛСЫН ГХЯ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ Ф.ШИМИЗҮ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын V бага хуралд оролцож буй Япон Улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал Ф.Шимизү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны болон бүс нутгийн  асуудлаар санал солилцов.

Дэд захирал Ф.Шимизү бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгыг Япон Улс тууштай дэмжиж буй гээд  энэ удаагийн V бага хурал Солонгосын хойгт улс төрийн нааштай эерэг хандлага гарч, холбогдох улсуудын хооронд идэвхтэй яриа хэлэлцээ өрнөж буй түүхэн чухал цаг үед болж буйг онцлов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улс бүс нутагт холбогдох талууд хоорондын яриа хэлэлцээг тогтмолжуулах, харилцан итгэлцлийг  гүнзгийрүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж, энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн төлөө буйгаа нотолж, эл чиглэлд японы талтай  нягт хамтран ажиллах эрмэлзэл илэрхийлэв.

Талууд Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх, бүс нутаг дахь хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, эдгээр чиглэл дэх хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж ажиллахаар тогтов.