Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГХ САЙД Д.ЦОГТБААТАРЫН “ЗХА АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН 5 ДУГААР БАГА ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ

ГХ САЙД Д.ЦОГТБААТАРЫН “ЗХА АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН 5 ДУГААР БАГА ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ

2018 оны 6 дугаар сарын 14

Ойрын өдрүүдэд өрнөж буй үйл явц дипломат үйл ажиллагааны онцгой ач холбогдлыг та бидэнд бэлэнээ харууллаа. Хоёрхон өдрийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ын нар анх удаа нүүр тулан уулзаж, Солонгосын хойгт урт удаан хугацаанд бат бэх орших энхтайвныг цогцлоох, тус хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах талаар тохиролцон хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Монгол Улс энэхүү түүхэн уулзалтад баяр хүргэж байна.

Дипломат үйл хэргийг тод томруун харуулж буй нэгэн онцлог үйл явц бол Улаанбаатарын яриа хэлцээ мөн. Учир нь цөхрөл, хурцадмал байдал, зөрчилдөөн зэрэг хоолой даран ирсэн хүнд хэцүү цагт ч бид яриа хэлцээг ямагт үргэлжлүүлж ирсэн билээ. Тиймээс энэхүү үйл явцыг урагшлуулахын төлөө цуцалтгүй хүч чармайлт гаргаж ирсэн Улаанбаатарын яриа хэлцээний хамтран зүтгэгчид та бүхэндээ талархан баяр хүргэхийг хүсч байна.

Дөрөв, тавхан сарын өмнө АНУ, БНАСАУ-ын удирдагчид шууд яриа хэлцээ өрнүүлнэ гэж, түүнчлэн 4 дүгээр болон 5 дугаар сард болсон хоёр Солонгосын дээд түвшний уулзалтыг тохионо гэж төсөөлөх ч боломжгүй байлаа. Гэсэн хэдий ч аливаа бэрхшээлийг үл харгалзан яриа хэлцээ өрнөсөн юм. Энэ нь яриа хэлцээ өрнүүлэх, харилцаа холбоо тогтоох боломж ямагт байдгийг, итгэл найдвараа хэзээ ч орхиж болохгүйг харуулж байна. Энхийг тогтоохыг бид үнэхээр хүсч байвал боломжгүй зүйл гэж үгүй билээ. Энэ бол гучаад жилийн өмнө манай гаригийн бусад хэсэгт түүх болон улиран одсон ч манай энэ бүс нутагт өдгөө хүртэл оршсоор байгаа хүйтэн дайны төгсгөлийн эхлэл гэж бодож байна. Хүйтэн дайны тухай тэмдэглэх ялдамд энд чуулж буй эрдэмтэн судлаачид та бүхнийг хүйтэн дайны өртөг зардал, түүний уршгаар алдагдсан боломжийн талаар судалгаа хийхийг уриалж байна. Энэ нь хүйтэн дайн дахин гарахаас сэргийлэх, мөн ийм нөхцөл байдал хаалга дэлдэх аваас урьдчилан зогсооход та бидэнд тустай юм.

Аливаа асуудлыг шийдэх цорын ганц арга зам бол яриа хэлцээ болохыг Улаанбаатарын яриа хэлцээ санаачилга тодоос тод харуулж байна. Яриа хэлцээ, оролцооноос өөр арга зам байхгүй гэдэгт Монгол Улс ямагт итгэж ирсэн.

Тийм ч учраас 2000-аад оны эхэн үеэс Умард Солонгосын оролцоог хангах, түүнийг тусгаарлагдмал байдалд оруулахаас зайлсхийх бодлого баримталж ирсэн билээ. Зургаан талт хэлцээ мухардалд орж, яриа хэлцээний бусад суваг хаагдсан үед энэхүү бодлогын чиг шугамыг тууштай баримталж ирсэн маань 2014 онд биднийг Улаанбаатарын яриа хэлцээ санаачилгыг эхлүүлэхэд хөтөлсөн юм. Бүс нутгийн улс орнууд энэхүү санаачилгыг өргөн дэмжих боллоо. Оролцогч улсуудын тоо нэмэгдэхийн хамт албан бус яриа хэлцээний түвшин 1,5 болтлоо ахилаа.

Манай энэ удаагийн хурлаар бүс нутагт үүссэн сүүлийн үеийн эерэг чиг хандлагыг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэж, бүс нутгийн аюулгүй байдлын орчны ойрын ирээдүйн болон хэтийн төлөвийн талаар санал бодлоо солилцоно.

Түүнчлэн энхтайван, хөгжил цэцэглэл хоёр эгнэгт хамтдаа өрнөдөг тул Улаанбаатарын яриа хэлцээгээр хэлэлцэх асуудал энхтайван, аюулгүй байдал төдийгүй эрчим хүч, дэд бүтэц, хүрээлэн буй орчин, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудлыг ч хамардаг билээ.

Улс үндэстнүүдийн хөгжил цэцэглэл, сая сая эгэл хүмүүний амьдрал яриа хэлцээ хэмээх үйл явцаас шалтгаалдаг болохыг та бид ямагт санах учиртай. Тиймээс яриа хэлцээ бол амьдралыг тэтгэгч, дэмжигч урлаг бөгөөд нэн хариуцлагатай үйл хэрэг мөн.

Солонгосын хойгийн болон түүнийг тойрсон тулгамдсан асуудлуудад шийдэл олох, тус хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үйл явцад холбогдох талуудын уйгагүй хүч чармайлт шаардагдах нь дамжиггүй. Бид сүүлийн үед болсон дээд түвшний уулзалтуудын үр дүнг сайшаахын хамт амаргүй өдрүүд хүлээж буйг мартах учиргүй. Гэвч хэцүү гээд хойш сууж болохгүй. Аливаа хэрэг ярвигтай болох тусам бид яриа хэлцээг эрхэмлэх учиртай. Яриа хэлцээнд гацаа үүсч зогссон ч түүнийг ахин яриа хэлцээ өрнүүлэх, дараагийн үеийг эхлүүлэх хэлбэр гэж бодох учиртай. Ямар ч үед яриа хэлцээ “чимээгүй” өрнөж болохыг мартаж болохгүй. Энэ нь түрэмгийлэхээр зэхэж буй хэрэг биш. Тийм ч учраас бид сонор сэрэмжээ хадгалах учиртай ч илд бамбайг хэрэглэхийг урьтал болгох учиргүй. Яриа хэлцээ цөмийн зэвсгээс илүүтэй хол зайг туулна. Тиймээс хэдэн арваны тэртээх “Энхтайванд боломж олгооч” гэж Жон Ленноны хэлсэн уриалгыг бид тууштай дагах учиртай. Үнэхээр энхтайванд бид боломж олгох л учиртай.

Цөмийн зэвсгээс ангид статусыг хорь гаруй жил баримталж буй манай улс цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох тухай Умард Солонгосын шийдвэр, Пунгери дэх цөмийн туршилтын талбайгаа устгасан үйлдлийг Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн чухал алхам боллоо гэж үзэж байна.

Ингээд энэхүү нээлтийн үгээ өндөрлөхдөө өнгөрсөн 5 дугаар сард Вашингтон хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео-той хийсэн уулзалтын дараахан миний санаанд буусан дөрвөн мөртийг та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо:

Цөмийн цэнэг ба пуужинг цаашид байлгахыг бид хүсэхгүй

Цөвүүн хөнөөлт эл гайхал Дорны ертөнцөд бүр хэрэггүй

Цомхон өргөө дэлхийг минь тэднээс

Цаглашгүй мөнхөд ангижруулах шийдлийг, тиймд, эрсүгэй.

(Албан бус орчуулга)

Анхаарал тавьсанд баярлалаа.