Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСЫН САНААЧИЛСАН АНХНЫ ОЛОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН БАЙГУУЛЛАГА БОЛОХ ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙН НЭЭЛТИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

МОНГОЛ УЛСЫН САНААЧИЛСАН АНХНЫ ОЛОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН БАЙГУУЛЛАГА БОЛОХ ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙН НЭЭЛТИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсад төвтэй Засгийн газар хоорондын анхны олон улсын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Олон улсын судалгааны төв (ОУСТ)-ийн нээлтийн бага хурал 2018 оны 6 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.

Монгол Улсын Засгийн газар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг санаачлагч, үүсгэн байгуулагч бөгөөд хүлээн авагч орны хувьд энэхүү нээлтийн хуралд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд хурлыг нээж УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлэв. Тэрээр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд, НҮБ-ын Дээд төлөөлөгчийн алба, Хөгжлийн Хөтөлбөр зэрэг байгууллагад талархал илэрхийлэв. Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түвшин тэдгээр улс далайд гарцтай байх тохиолдлоос дунджаар 20 хувиар доогуур, худалдааны зардал нь дамжин өнгөрөх улс орнуудтай харьцуулахад даруй 2 дахин өндөр байгаа гэдгийг онцлоод олон улсын түвшинд эрх ашиг, байр сууриа хамгаалах, улс орныхоо хөгжлийн бодлого боловсруулахад тус төв нь гол тулгуур болно гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэв.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн нээлтийн энэхүү түүхэн бага хуралд Балба Улсын Гадаад хэргийн сайд Прадип Кумар Гявали, Бутан Улсын Гадаад хэргийн сайд Лёмпо Дамчо Доржи, Замби Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд Брайан Мушимба, Казахстан Улсын Гадаад хэргийн дэд сайд Ержан Ашикбаев, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Нэн буурай, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч хатагтай Утоикаману зэрэг өндөр албан тушаалтнууд, Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөл бүхий нийт 60 гаруй төлөөлөгч оролцов.

Хурлын үеэр “ДГХБО-ын Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон эдийн засгийг төрөлжүүлэх нь”, “Мэдээлэл харилцаа холбоо болон ДГХБО”, “ДГХБО-ын тээврийн салбарт тулгарч буй бэрхшээлүүд болон боломжууд” зэрэг сэдэвчилсэн хуралдаанаар үндсэн илтгэлүүдийг сонсож, Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хурлыг хааж хэлсэн үгэндээ “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын анхны Засгийн газар хоорондын байгууллага болох Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд гишүүн орнуудын үүрэг оролцоо нэн чухал болохыг онцлон тэмдэглээд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад тулгарч байгаа нийтлэг сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулах, харилцан туршлага солилцох нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Монгол Улс худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зорчих нөхцлийг хөнгөвчлөх үүднээс “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн орнуудад визийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан болон “Цахим-ЭСЯ” байгуулах төслийг эхлүүлээд байгааг тэрбээр дурдав.

Хуралд оролцсон төлөөлөгчид Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв /ДГХБО-ын ОУСТ/-ийн нээлтийн бага хурлаас “Улаанбаатар тунхаглал”-ыг хэлэлцэж батлав. Түүнчлэн судалгааны төвийг албан ёсоор нээж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Дээд төлөөлөгч Фекитамоелоа Утоикаману, НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманн, ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Э.Одбаяр нар тууз хайчлав.

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашиг, байр суурийг олон улсын түвшинд урагшлуулах, олон улсын худалдаа, интеграцчлалд оролцоход шаардлагатай судалгаа хийх, гарын авлага боловсруулах, яриа хэлэлцээ хийх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв /ДГХБО-ын ОУСТ/-ийг байгуулах санаачилгыг манай улс анх 2006 онд гаргасан болно. Улмаар төвийг байгуулах асуудлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол, шийдвэр болон олон улсын холбогдох хурлын баримт бичгүүдэд тусгаж, бүлгийн орнууд болон бусад хамтрагч, НҮБ зэрэг олон улсын байгууллагын дэмжлэгийг авч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2009 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус төвийн шавыг тавьсан билээ.

ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг Армян, Афганистан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Парагвай, Тажикистан, Этиоп зэрэг улс соёрхон баталснаар хэлэлцээр 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Түүнд оролцогч 12 гишүүн орон Захирагчдын зөвлөлөө байгуулж, анхдугаар хурлаа Улаанбаатар хотноо энэ оны 5 дугаар сарын 21-ний өдөр хийсэн. Хурлаар ОУСТ-ийн үйл ажиллагааны ерөнхий зарчим, дотоод журам, байгууллагын бүтэц болон санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргасан болно.