Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“МОНГОЛ-ОРОСЫН САНААЧИЛГА-2018”ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

“МОНГОЛ-ОРОСЫН САНААЧИЛГА-2018”ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын 2017 онд хүрсэн тохиролцоо ажил хэрэг болж, “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай эхэллээ.

Энэхүү цуврал арга хэмжээний зорилго нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүлэгийн хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын төр, засгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг  хэлэлцэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нөгөө улсын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэх явдал юм.

6 дугаар сарын 7-ны өдөр Төрийн ордонд болсон “Монгол-Оросын санаачилга–2018” цуврал арга хэмжээний Эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэв. Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ Монголын тал ОХУ-тай хоёр болон гурван талын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэв. Тэрээр Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулах нь өнөөгийн шатны гол зорилт болж буйг онцолж, “Монгол– Орос–Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Нээлтийн ажиллагааны үеэр Оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Төрийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга И.Е.Левитин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины  “Монгол-Оросын санаачилга – 2018” цуврал арга хэмжээнд зориулан илгээсэн илгээлтийг уншиж танилцуулав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин илгээлтдээ Орос, Монголын стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд түлхэц үзүүлэх чухал арга хэмжээ Улаанбаатар хотноо нээгдэж буйд баяр хүргээд, ОХУ-ын төр, засгийн зүгээс Орос, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэсэн байна.

Нээлтийн ажиллагааны үеэр ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров мөн үг хэлэв. Тэрээр Оросын тал Орос, Монголын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх өргөн боломжтой гэж үздэгийг онцлон тэмдэглэв.

Эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэнд хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,  ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов,  ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд К.В.Молодцов зэрэг албаны хүмүүс илтгэл тавив.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тавьсан илтгэлдээ Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гаргахын тулд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах,   хоёр улсын төр, хувийн хэвшлийн болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах сувгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хоёр талаас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхийг санал болгов.

“Монгол-Оросын санаачилга–2018” цуврал арга хэмжээний хүрээнд худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэг, залуучууд солилцооны чиглэлийн олон арга хэмжээг зохион байгуулна.

Тухайлбал, Эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаанууд 7, 8-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд, Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон Оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа Д.Сүхбаатарын талбайд 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд, И.Моисеевын нэрэмжит академик чуулгын тоглолт Соёлын төв өргөөнд 7, 8-ны өдрүүдэд,  Фото зургийн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд 7-ны өдөр, Монгол, Оросын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээн болон залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт 8-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.