Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЕВРОПЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН 2018 ОНЫ 6 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР ХҮҮХДИЙГ ЭРХИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛААР БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЕВРОПЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН 2018 ОНЫ 6 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР ХҮҮХДИЙГ ЭРХИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛААР БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол Улсад хүний эрхийн анхаарал татсан хамгийн чухал асуудлын нэг  бол хүүхэд, өсвөр үеийнхний эсрэг хүчирхийллийн гэмт хэргийн гаралт өсч, хэлбэрийн хувьд ноцтой болж байгаа явдал юм. Үндэсний статистикийн хорооны тоо мэдээгээр 2017 оны  байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 12 хувь нь 0-17 насны хүүхдүүд байсан бол, өнгөрсөн онд 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алджээ.

Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг хүчирхийлэл, дарамт,  мөлжлөг, хайр халамжгүй үлдээх явдлаас хамгаалахад чиглэсэн Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, түүний нэмэлт протокол, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенцид нэгдэн орж эдгээр гэрээний заалтуудыг чанд мөрдөх үүрэг хүлээсэн. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль баталснаар хүүхэд, өсвөр насныхныг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чухал ахиц гарсан. Гэвч эдгээр хууль, дээрх олон улсын хэм хэмжээг хэрэгжүүлэх, ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх, хүчирхийлэл гарч буй нөхцөл, учир шалтгааныг шийдвэрлэх, хохирогч болсон хүүхдэд халамж үйлчилгээ үзүүлэх зэргээр хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх, боловсронгуй болгох шаардлагатай байна.

Энэхүү шаардлагыг хангах зорилгоор Гадаад харилцааны яам, Европын Холбоотой хамтран “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл: нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” бага хурлыг 6 дугаар сарын 6-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулж байна.

Бага хурлыг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үг хэлэх бөгөөд тус бага хуралд ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, ХЭҮК мөн Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн, Лантуун дохио, Эмнести Интэрнейшнл,  “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл илтгэл тавьж оролцоно.

“Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл: нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” бага хурлаас хүчирхийллийн гэмт хэргийг өдөөж байгаа хүчин зүйлс, хүүхэд хамгааллын өнөөгийн тогтолцоо, үр нөлөөг хэлэлцэж улмаар хүүхдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр авах бодлого, арга хэмжээний талаар зөвлөмж гаргана.

Энэ бага хурлыг Монгол Улс, ЕХ-ны хүний эрхийн асуудлаарх яриа хэлцээг дэмжих төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд эл төсөл  Монгол Улсад хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, прокурорын байгууллагын чадавхийг бэхжүүлэх мөн хүний эрхийн асуудлаар цуврал бага хурал зохион байгуулах зорилготой юм.

ХҮНИЙ ЭРХИЙН ХЭЛТЭС

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ЭРХ ЗҮЙН ГАЗАР