Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгийн урилгаар 2018 оны 5 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хоорондын олон талт харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, боомтын хамтын ажиллагаа болон боловсрол, соёл, аялал жуулчлал, эрүүл мэнд, орон нутгийн зэрэг хүмүүнлэгийн салбарын харилцаа солилцооны өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэн өнөөгийн байдалд дүгнэлт өгч, цаашдын төлвийн талаар санал солилцов.
Дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал Монгол Улсын Гадаад харилцааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хоорондын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжилд зохих түлхэц болно гэж талууд санал нэгтэй үзэж байгаагаа харилцан тэмдэглэсэн байна.
Дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцох болно. Дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчид энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Дорноговь аймаг, Замын-Үүд хотод зочилж, орон нутгийн хамтын ажиллагаа, Эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцана.