Эдийн засаг, худалдааны Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны VIII хуралдааны протоколд заасны дагуу манай чөлөөт худалдааны хэлэлцээ хийх багийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яамнаас Бүгд Найрамдах Турк Улсын Эдийн засгийн яамтай хамтран 2018 оны 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд “Чөлөөт худалдааны хэлэлцээр ба Туркийн Чөлөөт худалдааны хэлэлцээр, Турк-ЕХ-ны Гаалийн байгууллага” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулав.
Монгол Улс олон улсын болон бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, чөлөөт худалдааны үйл явцаас илүү ашиг хүртэх, хөрш зэргэлдээ болон гуравдагч түнш орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны чухал түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийх манай боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилгоор шат дараалсан сургалтуудыг тус яамнаас зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн сургалтад ХЗДХЯ, СЯ, ХХААХҮЯ, ЗТЯ, ГЕГ, МХЕГ, СХЗГ, ОӨУБЕГ, СЗХ, Монгол банк зэрэг 14 байгууллагын 30 гаруй албан хаагч хамрагдлаа.
Монгол Улс, Япон Улстай 2015 онд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан бөгөөд энэ нь манай улсын хувьд хамгийн анхны чөлөөт худалдааны хэлэлцээр юм. БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэн, хоёр талын хэлэлцээний үе шатанд орохоор бэлтгэл хангаж байна. Түүнчлэн Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг хүргүүлсэн төдийгүй БНХАУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаарх хамтарсан судалгааны ажлыг 2018 онд эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа болно.
Бүгд Найрамдах Турк Улс нь одоогийн байдлаар 24 оронтой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаас 21 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, 3 нь пардаментаар соёрхон батлагдахаар хүлээгдэж буй бөгөөд Европын холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг “автоматаар” эхлүүлдэг. Турктэй Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүй атлаа Европоор дамжуулан тодорхой барааг Туркийн зах зээлд татваргүйгээр нийлүүлж, татвараас зайлсхийх тохиолдол гарч байсантай холбоотой арга хэмжээ зэрэг өөрийн үнэтэй туршлага, ололт амжилтыг харамгүй хуваалцлаа.