Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Лангтри-г 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцов.
Д.Цогтбаатар сайд Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл боловсрол зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэж, манай хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд австралийн тал үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.
Талууд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг эрчимжүүлэх, ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, ажил хэргийн түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа болон худалдаа, тээврийн асуудлаар туршлага солилцох, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн ажиллахаар ярилцав.