Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Хошууч генерал Харкират Сингх тэргүүтэй тус улсын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж, хоёр орны харилцааны чухал хэсэг болон төлөвшиж байгааг тэмдэглэж, Монгол, Энэтхэгийн “Нүүдэлчин заан” хамтарсан сургуулилтыг тогтмол зохион байгуулах, энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” олон улсын сургуулилтын хүрээнд хамтран ажиллах нь чухал ач холбогдолтойг онцлов.
Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн Хошууч генерал Харкират Сингх нар Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн төлөөлөгчид Монгол Улсад 2018 оны 5 дугаар сарын 20-26-ны хооронд танилцах айлчлал хийж байгаа юм.