Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ ДЭЛХИЙН МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН 86 ДУГААР ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ ДЭЛХИЙН МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН 86 ДУГААР ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид 2018 оны 5 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Дэлхийн Ассамблейн 86 дугаар Ерөнхий чуулганд оролцож байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Ерөнхий чуулганы нээлтийн хуралдаанд оролцож, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ассамблейн дарга Ботле Майкл Модисан, дэд дарга Марк Шип нартай уулзав. Түүнчлэн тэрээр  Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн талаар хэвлэлд ярилцлага өгөв.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Моник Элуатай 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр уулзаж, Монгол Улс, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага хоорондын  хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашид хамтран ажиллах тодорхой чиглэлүүдийг тохиролцов.  Мал эмнэлгийн албаны бүтэц тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлаар тус байгууллагаас гаргасан зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар мөрдөн хэрэгжүүлж байгааг сайд Б.Батзориг уулзалтынхаа үеэр мэдэгдэв. Түүнчлэн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөмж, туслалцааны дүнд Монгол Улсын мал эмнэлгийн алба олон улсын жишигт нийцэж, мэргэжилтэй боловсон хүчний нөөц бэхжиж, мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглээд, энэ чиглэлд цаашид нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Ерөнхий чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Гульмара Исаева, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны дэд сайд Ву Фам Там, Евро-Азийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалт хариуцсан сайд Валерий Корешков нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.