Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрКАНАДЫН СЕНАТОР ЖОЗЕФ ДЭЙ-Д “НАЙРАМДАЛ” МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

КАНАДЫН СЕНАТОР ЖОЗЕФ ДЭЙ-Д “НАЙРАМДАЛ” МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Канадын Парламент дахь Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга, Сенатор Жозеф Э Дэй-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасныг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-нд ёслол төгөлдөр гардуулж өгөв.

Ёслолын ажиллагаанд Канадын ГХЯ-ны албаны хүмүүс, Канад Улсаас Монгол Улсад сууж байсан элчин сайд нар, дипломат ажилтнууд, Монгол Улстай ойр, дотно ажилладаг хувь хүмүүс, сэтгүүлчид, Монреаль хот дахь Монгол Улсын Өргөмжит консул, Оттава, Монреаль, Торонто хот дахь монголчуудын төлөөлөл оролцов.

Сенатор Дэй Монголд нэн элэгтэй нэгэн бөгөөд Канадын Парламентын Сенатороор 2001 оноос, Парламент дахь Канад-Монголын найрамдлын бүлгийн даргаар 2003 оноос тус тус тасралтгүй ажиллаж байгаа либерал намын туршлагатай улс төрч, нийгмийн зүтгэлтэн, олонд нэр хүндтэй хүн юм.

Өдгөө тэрээр Канадын Парламентын Үндэсний аюулгүй байдал болон батлан хамгаалах дэд хорооны орлогч дарга, Ахмад дайчдын хэргийн дэд хорооны даргаар тус тус ажиллаж байна.