Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны сан (ОУХАС) Дипломат академитай хамтран “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хоёр өдрийн турш үргэлжлэх тус олон улсын бага хуралд Парламентын гишүүд, нэр хүндтэй дипломатууд, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөгчид зэрэг гадаад, дотоодын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож байна. Хурлын үеэр Гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явц, механизмын тухай олон улсын онол, практик, түүнийг хэрхэн боловсронгуй болгох зэрэг асуудлаар үндсэн илтгэлүүдийг тавих ба зочид, төлөөлөгчдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага хуваалцах юм. Манай улсын ардчилал, сайн засаглалыг хөгжүүлсэн туршлагыг сонирхдог, ОУХАС-тай хамтран ажилладаг Азийн улсууд, тухайлбал Афганистан, Бутан, Киргизстан, Мьянмар, Лаос, Шри Ланка улсын Парламентын гишүүд, ГХЯ-ны өндөр албан тушаалтнууд оролцож байгаа бөгөөд тэд өөрийн орны гадаад бодлогын механизмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, харилцан туршлага солилцоно.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг ханган олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг тэмдэглээд хурлын гол зорилго нь гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг хэрхэн боловсронгуй болгох талаар санал солилцох, Монгол Улсын жишээн дээр үндэслэн харилцан туршлага хуваалцах замаар цаашдын төлөвөө тодорхойлоход бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Тус олон улсын хурал нь Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа цуврал арга хэмжээнүүдийн үргэлжлэл юм.