Монгол Улсаас Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ДХБ-ын Ерөнхий захирал Роберто Азеведо-д Итгэмжлэх захидлаа барив.
Итгэмжлэх захидлаа барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор орсонтой нь холбогдуулан Ерөнхий захирал Р.Азеведо Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэнг хүлээн авч уулзав.
Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Монгол Улс ДХБ-д 1997 онд гишүүнээр элсэн орсон үеэс эхлэн олон талт худалдааны тогтолцоог тууштай дэмжиж, гадаад худалдааны либерал бодлого баримтлан хэрэгжүүлж ирснийг тэмдэглээд, Доха-гийн хөгжлийн үе шатны олон талт худалдааны хэлэлцээний тохиролцоонд хараахан хүрч чадаагүй байгаа асуудлуудаар ахиц дэвшил гаргахын төлөө ажиллаж байгаа, мөн Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг олон улсын түвшинд урагшлуулах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж идэвхи, санаачилгатай ажиллаж ирснийг дурдаад Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын /ДГХБО/ Олон улсын судалгааны төвийг /ОУСТ/ Улаанбаатар хотод үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээр 2017 оны 10 дугаар сард хүчин төгөлдөр болсныг уулзалтын үеэр мэдээлэв.
ДХБ-ын Ерөнхий захирал Р.Азеведо Монгол Улстай олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлж хэлэлцээг урагшлуулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлон Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв.