Гадаад харилцааны яам Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацтай байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, мөн цаашид авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээний талаар зөвлөгөө боловсруулахаар Олон улсын санхүүгийн корпорацын зөвлөх ноён Жорж Грэйс энэ сарын 19-23-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллав.
Тэрээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, мөн тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар, ГЕГ болон МХЕГ-ын удирдлагуудтай уулзалт хийснээс гадна холбогдох нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Мөн түүнчлэн, гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн заалтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон гадаад худалдаанд оролцогч байгууллагуудын хэлэлцээрийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зорилгоор мөн сарын 22-ны өдөр “Итгэмжлэгдсэн оператор”, “Барааг урьдчилан тодорхойлох”, “Эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтад Шадар сайдын ажлын алба, ГХЯ, ГЕГ, МХЕГ, СХЗГ, Мал эмнэлэг, үржлийн газар, мөн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн төлөөлөл оролцов.
Зөвлөх Жорж Грэйс дээрх сургалт, уулзалтуудын үр дүнд тулгуурласан зөвлөмж боловсруулж, Дэлхийн банкны төслийн хүрээнд ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.