Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 21 дүгээр хуралдаан ОХУ-ын Москва хотод 2018 оны хоёрдугаар сарын 26-28-ны өдрүүдэд болж байна. Комиссын хуралдааныг монголын талаас Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байгаа бөгөөд ажлын айлчлалын хүрээнд Оросын Холбооны Улсын төрийн албаны эрдмийн ууган сургууль болох Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид энэ сарын 27-ны өдөр зочлов.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн харьяа Оросын ардын аж ахуй, төрийн албаны академийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус сургуулийг төгсөгч Ө.Энхтүвшинд “Хүндэт доктор” цол олгосныг захирал В.А.Мау Эрдмийн зөвлөлийн хурал дээрээ гардууллаа. Ө.Энхтүвшин 1989 онд тус академид докторын зэрэг амжилттай хамгаалсан бөгөөд тус академиас төрсөн гадаадын 11 дэх, ОХУ-ын Ерөнхийлөгчийн харьяа Оросын ардын аж ахуй, төрийн албаны академи болон өөрчлөгдснөөс хойшхи дөрөв дэх “Хүндэт доктор” болов.
В.А.Мау хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр манай академид Монгол Улсын Шадар сайд хүндэт ноён Ө.Энхтүвшин Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны Монголын талын даргын ажлаар ОХУ-д айлчлахдаа өөрийн санаачилга гарган, төгссөн их сургуульдаа зочилж байгаад тун таатай байна. Тэрээр ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид эрдмийн ажлаа эхэлж докторын зэргээ амжилттай хамгаалсан юм. Манай эрдмийн зөвлөлөөс танд Оросын ардын аж ахуй, төрийн албаны академийн “Хүндэт доктор” цол, хүндэтгэлийн өргөмжлөл олгож байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Ө.Энхтүвшин “Хүндэт доктор” хэмээх эрхэм цол хүртээсэнд талархал илэрхийлж хэлсэн үгэндээ “ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи, Улс ардын аж ахуйн дээд сургууль нь манай улсын нам, улс, олон нийт, аж ахуйн байгууллагын олон зуун удирдах ажилтан, мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэн, мэргэжил, мэдлэгийг дээшлүүлж манай орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулж ирсэн. Тус академид төгсөгчдөөс Төв хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир, Монгол Улсын 2 дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нарын олон нэр хүндтэй хүмүүс төрөн гарсан байдаг. Миний бие 29 жилийн өмнө энэхүү нэр хүндтэй академид түүхийн докторын зэрэг хамгаалж байхдаа сурсан бүх арга зүй, зарчмаа өдөр тутмын ажил амьдралдаа, тухайлбал хууль эрх зүй, нам, улс төрийн удирдлага гээд бүхий л үйл ажиллагааны салбарт хэрэгжүүлж явсаар ирлээ. Тиймээс академийн захирал асан Г.Я. Рудольф, эрдмийн ажлын удирдагч, эрдэмтэн багш нарынхаа зүтгэлийг би үргэлж бахдан ярьдаг. Өнөөдөр 40 гаруй монгол оюутан энэ сургуульд маань сурч байгааг сонсоход таатай байна. Ирээдүйд олон монгол оюутан эрдэм номд ажилчин зөгий мэт шамдан суралцаж, Монголдоо ихийг бүтээх хүмүүс энэ сургуулиас маань төрөн гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцож хүндэт доктор болсонтой холбогдуулан Эрдмийн зөвлөлийн гишүүдэд хандан талархлын үг хэлэв. Түүхийн хуудас сөхвөл ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи нь 1946 онд анх байгуулагдсан бөгөөд 1991 он хүртэл ЗХУ-ын Коммунист намын дээд боловсролын байгууллагын үүргийг гүйцэтгэж, 1991-1994 онд ОХУ-ын Удирдлагын академи, 1994-2010 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн харьяа Төрийн албаны академи, ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2010 оны 9 сарын 20-ны өдрийн зарлигаар Төрийн албаны академийг Улс ардын аж ахуйн академитай нэгтгэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академи болон өөрчлөгдөж сургалтын үйл ажиллагааны хамрах хүрээ нь өргөжин тэлж ирсэн байна. Шадар сайд Ө.Энхтүвшин академийн сургалтын орчинтой танилцан тус сургуульд суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзлаа.
Өнөөдөр тус академийн хүмүүнлэгийн болон нийгэм-эдийн засгийн чиглэлийн 57 салбар сургуульд, 170 гаруй мянган оюутан суралцаж байгаагаас 1000 гаруй гадаадын оюутан, түүний дотор 43 монгол оюутан тус сургуульд суралцаж байна. Тус академи нь Монголын Төрийн удирдлагын академитай хамтран ажиллах “Санамж бичиг” 2015 онд байгуулсан бөгөөд үүний дагуу Монгол Улсын аймгийн Засаг дарга нар төрийн удирдлагын багийг чадваржуулах богино хугацаат сургалтанд хамрагдаж ирлээ. Москва, Санкт-Петербургээс эхлээд ОХУ-ын бүс нутгийн амбан захирагчид тус сургуульд суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан байна.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Олон улсын эдийн засгийн эрдэм шинжилгээ-практикийн бага хурал-Гайдарын форум зэрэг олон улсад нэр хүндтэй олон арга хэмжээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн харьяа Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид зохион байгуулагддаг бөгөөд тус академи нь хамтран зохион байгуулагчаар амжилттай оролцож ирснээрээ алдартай юм.