Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ, Баруун Бенгал дахь Өргөмжит Консулын газар хамтарч “Монголын кино наадам”-ыг 3 дахь удаагаа Колката хотын Нандан Соёлын төвд зохион байгуулав.
Кино наадмын нээлтэнд Колката хотын захирагч асан Шиамал Кумар, Энэтхэгийн нэрт кино найруулагч Гоутам Гош, жүжигчин Ариндам Гангули нар оролцож хоёр орны хооронд соёл урлагийн төлөөлөгчид харилцан солилцож, монгол судлал, буддын соёл, гүн ухаан, урлагийн чиглэлээр хамтарч ажиллаж байна. Цаашид Монгол, Энэтхэгийн уран бүтээлчид хамтарсан баримтат болон уран сайхны кино хийх бүрэн боломж байгааг тэмдэглэн хэлэв.
Бусаны олон улсын кино наадмын шагналт “Алсын удирдлага” 2013 он (найруулагч С.Бямба), “Хөх толбот хүмүүс” 2012 он (найруулагч Ш.Доржсүрэн), “Ингэн нулимс” 2003 он (найруулагч Д.Бямбасүрэн, Луйжи Фалорни) зэрэг киног наадмын үеэр үзэгчид өргөнөөр ирж сонирхов.
Хоёр орны кино солилцооны хүрээнд “Энэтхэгийн кино наадам”-ыг энэ 7 дугаар сард Улаанбаатар хотноо мөн зохион байгуулахаар төлөвлөжээ.