Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Майкл Мөллэрт Итгэмжлэх захидлаа барив.
Итгэмжлэх захидлаа барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор орсонтой нь холбогдуулан Ерөнхий захирал М.Мөллэр Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэнг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий захирал М.Мөллэр шинэ Байнгын төлөөлөгчид ажлын амжилт хүсч, хамтран ажиллахаар болсондоо баяртай буйгаа илэрхийлэв. Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхийг бататган бэхжүүлэхийн төлөө нийтлэг эрхэм зорилтыг урагшлуулахад Монгол Улс хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгийг нотлов.
НҮБ-ын системд олон тооны Засгийн газар хоорондын байгууллага, төрөлжсөн агентлаг, хөтөлбөр, сан, судалгааны товчоо, хүрээлэн багтдаг бөгөөд тэдгээрийн гуравны хоёр нь Женевт үйл ажиллагаа явуулдаг байна. Одоогийн байдлаар 40 гаруй олон улсын байгууллага, 179 Байнгын төлөөлөгчийн газар, мөн 400 орчим төрийн бус байгууллага Женев хотод байрладаг бөгөөд жилд дунджаар 10000 хурал зөвлөлгөөн НҮБ-ын Женев дэх төвийн байр буюу Үндэстнүүдийн ордонд зохион байгуулагддаг. Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар 1972 оноос Женев хотод ажиллаж байна.
Итгэмжлэх захидал барих ёслолд Ерөнхий захирлын Ажлын албаны дарга Д.Чиквайдзе, Женев дэх Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газрын дипломат ажилтнууд болон албаны бусад төлөөлөгчид байлцав.