Монгол Улсаас Саудын Арабын Вант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг Саудын Арабын Вант Улсын Ван, Хоёр ариун сүмийг хамгаалагч Салман бин Абдулазиз Аль-Саудад 3 дугаар сарын 5-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Энэ үеэр Элчин сайд З.Чинтүшиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Засгийн газар Саудын Арабын Вант Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.
Саудын Арабын Вант Улсын Ван Салман бин Абдулазиз Аль-Сауд хоёр талын харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, Элчин сайд З.Чинтүшигт ажлын амжилт хүсэв. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаанд Саудын Арабын Вант Улсын Төрийн сайд, Сайд нарын зөвлөлийн гишүүн Мусаид бин Мухаммед Аибан, Төрийн сайд, Сайд нарын зөвлөлийн гишүүн, Вангийн ордны дарга Халед бин Абдулрахман Аль-Иса, Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Низар бин Обейд Мадани, Вангийн ёслолын албаны дарга Халед бин Салех Аль-Аббад зэрэг албаны хүмүүс байлцав. Монгол Улс, Саудын Арабын Вант Улсын хооронд 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.