Темасек сангаас Сингапурын Үндэсний их сургуулийн харъяа Ли Куан Ю-гийн нэрэмжит сургуулийн Бодлого судлалын хүрээлэнтэй хамтран 2018 оны 7 дугаар сарын 16–наас 10 дугаар сарын 5-ны өдрүүдэд “Asia Journalism Fellowship 2018” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэдэгдэв.
2009 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн хоёр талын хэвлэл мэдээллийн харилцааг хөгжүүлэх, үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагуудын гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадваржуулах зорилго бүхий уг хөтөлбөр нь Азийн 15 гаруй орны сэтгүүлчдэд зориулсан 3 сарын бүрэн тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд оролцогчид бүс нутгийн төлөв байдал, сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудлууд болон бусад тодорхой чиглэлээр семинар, сургалтад хамрагдана.
Тус хөтөлбөрт хамрагдахад дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Мэргэжлийн сэтгүүл зүйн салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
- Одоогоор сэтгүүлч мэргэжлээр ажил хөдөлмөр эрхэлж буй;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй /англи хэлний түвшин тогтоох шаардлагатай хэмээн үзвэл шалгаруулахад ярилцлаганд орно/ байх зэрэг болно.
Хөтөлбөрт хамрагдсан оролцогчдын нислэгийн зардал, 3 сарын хугацаанд байрлах байр, зам хоногийн олговор зэргийг олгох бөгөөд оролцох сонирхолтой сэтгүүлчдийн материалыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл applications@ajf.sg цахим шуудангаар хүлээн авч байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ajf.sg цахим хуудаснаас авна уу.
ГХЯ