Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБҮГД НАЙРАМДАХ АЛБАНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

БҮГД НАЙРАМДАХ АЛБАНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц.Жамбалдорж тус улсын Ерөнхийлөгч Илир Мета Танаа энэ хоёрдугаар сарын 7-нд Албанийн Ерөнхийлөгчийн ордонд Итгэмжлэх Жуух Бичгээ барив.

Итгэмжлэх Жуух Бичгээ барьсны дараа Ерөнхийлөгч Илир Мета Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзаж, найрсгаар ярилцав. Элчин сайд Ц.Жамбалдорж уулзалтынхаа эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Албани Улсын Ерөнхийлөгчид уламжлав. Тэрээр хоёр орны улс төрийн харилцааг идэвхижүүлэхийн сацуу эдийн засаг, бизнесийн  хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн төлөө идэвхи, санаачилгатай ажиллахаа илэрхийлж, Монгол, Албанийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ирэх 2019 онд хоёр талдаа соёлын арга хэмжээ юмуу бизнес форум харилцан зохион байгуулж, бодит үр дүн гарахуйц хэлбэрээр тэмдэглэхийг санал болгов.

Ерөнхийлөгч Илир Мета Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийн мэндчилгээг  уламжлахыг хүсээд, цаашид хоёр орны харилцааг идэвхижүүлэн хөгжүүлэхэд  Албаний төр, засгийн газрын байгууллагууд бүхий л талаар дэмжих болно гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Европын  анхны орны хувьд Албани нь цаашид хоёр орны хооронд хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих болон давхар татвараас зайлсхийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд байгуулах эрмэлзэлтэй байгааг дурдаад, харилцан үр өгөөжтэй бодит хамтын ажиллагааг эхлүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Итгэмжлэх Жуух Бичгээ барихад Элчин сайдын гэргий Г.Дуламсүрэн, ЭСЯ-ны П нарийн бичгийн дарга Ш.Амгаабазар, Албаний Гадаад харилцааны дэд сайд Этхэн Жафар, Ерөнхийлөгчийн дипломат зөвлөх Валтер Ибрахими, Төрийн ёслолын газрын дарга Дастид Кореши нар байлцав.

Элчин сайд Ц.Жамбалдорж Итгэмжлэх Жуух Бичгээ барьсныхаа дараа Албаний Парламентын дарга Грамоз Ручи, Гадаад харилцааны дэд сайд Этхэн Жафар нартай тус тус уулзаж хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.