2018 оны 2 дугаар сарын 9-нд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол дахь Австралийн худалдааны танхим (AustCham)-аас сар бүр зохион байгуулдаг уулзалтад зочин илтгэгчээр уригдан оролцов. Тус уулзалтад Австралийн болон бусад орны хөрөнгө оруулагчид болох Оюу толгой, Рио Тинто, Эйспайр майнинг, Занаду майнс, Эрдэнэ Рисорс зэрэг уул уурхайн компанийн төлөөлөгчид оролцсоноос гадна Монгол Улсад суугаа зарим орны Элчин сайд нар, дипломат ажилтнууд зэрэг 80 гаруй хүн оролцов.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулах болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалт, арга хэмжээ, зорилтын талаар танилцуулав. Түүнчлэн оролцогчдын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих талаар авч хэрэгжүүлж буй зохицуулалт, төмөр замын бүтээн байгуулалт, татвар болон ашигт малтмалын хуулинд орж буй өөрчлөлтүүд, Улаанбаатар хотын агаарын бохирдол гэх мэт олон сонирхсон асуудлаар асуулт тавьж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв.
Австралийн худалдааны танхим 2013 онд Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Монгол-Австралийн бизнесийн харилцаа холбоог өргөжүүлэх, хоёр улсын хувийн хэвшлийг холбосон гүүр болдог байгууллага юм. Тус байгууллагын 5 жилийн он энэ онд тохиож буй бөгөөд ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний салхийг хагалснаараа онцлог байв.