Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН КАИР ХОТНОО АЖИЛЛАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН КАИР ХОТНОО АЖИЛЛАВ

Монгол-Египетийн Гадаад хэргийн яамд хоорондын Улс төрийн V зөвлөлдөх уулзалт 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Каир хотноо болж төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Египетийн ГХЯ-ны Дэд сайд Х.Сарват нар тус тус тэргүүлэн оролцов. Зөвлөлдөх уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд тодорхой шалтгааны улмаас харьцангуй зогсонги байгаа хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг сэргээн идэвхжүүлэх мөн тасалдаад байсан Монгол-Египетийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг хуралдуулж худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хувийн хэвшил болон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг шинэчлэн сайжруулах арга замаар иргэд хоорондын солилцоо, хувийн хэвшлийн бизнесийн хэлхээ холбоог өргөтгөн нэмэгдүүлэх, харилцан хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, энэ зорилгоор египетийн тал ялангуяа аялал жуулчлалын визийг хөнгөвчлөх асуудлыг судлан үзэхээр тохиролцов.

Монгол, Египетийн олон улсын тавцан дахь уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж, бие биеэ харилцан дэмжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа талууд тэмдэглээд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хамтран ажиллах асуудлаар санал солилцож эрчимтэй хамтран ажиллахаар тохиролцов. Египет улс нь 1960 оноос хойш Африк, Ази, Латин Америк, Европ тивийн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд олон мянган энхийг сахиулагчдаа илгээн оролцуулсан мөн энэ асуудлаар НҮБ-ын шийдвэр гаргах түвшинд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг арвин туршлагатай улс юм.

Талууд мөн нийгэм улс төр, эдийн засгийн дотоодын нөхцөл байдал, гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл хийж, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон бөгөөд дараагийн ээлжит уулзалтыг Улаанбаатар хотноо хийхээр тохиров. Уулзалтад Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Элчин сайд Ч.Баярмөнх, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нар болон египетийн талын албаны хүмүүс оролцлоо.