Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР НАЙРАМДАЛ МЕДАЛИАР ШАГНАВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР НАЙРАМДАЛ МЕДАЛИАР ШАГНАВ

Монгол, Египетийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан “Египетийн Сан” нэрээр монголчуудад танил болсон Хөгжлийн төлөөх түншлэлийн Египетийн Агентлагийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасныг Каир хотноо Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тус Агентлагийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Элчин сайд ноён Ахмед Шахийнд гардуулав.

ТНБД Д.Даваасүрэн шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Египетийн Агентлагаас зохион байгуулж ирсэн төрөл бүрийн сургалтууд нь Монгол Улсын төрийн албыг бэхжүүлэх үйлсэд Египетийн Засгийн газраас оруулж буй оюуны бодит хувь нэмэр бөгөөд иргэд хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөлийг бататгах, хоёр талын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэнийг Монгол Улсын Засгийн газраас өндөрөөр үнэлж байгаа”- г онцлон тэмдэглээд тус Агентлагийн цаашдын ард түмэн хоорондын найрамдал нөхөрлөлийн төлөөх энхийн  үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөв.

Элчин сайд Ахмед Шахийн Монгол Улсын эрхэм дээд шагнал Найрамдал медалиар Египетийн Агентлагийг шагнасан явдлыг өндөр нэр төрийн хэрэг хэмээн үзэж байгаагаа илэрхийлж Египетийн Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв.

Монгол Улс 1997 оноос хойш Хөгжлийн төлөөх түншлэлийн Египетийн агентлагтай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд тус Агентлагаас зохион байгуулсан дунд, богино хугацааны олон зуун сургалтын хөтөлбөрт 1300 орчим төрийн албан хаагчид хамрагдаж, нийгмийн төрөл бүрийн салбарт хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм.

Шагнал гардуулсаны дараа тус Агентлагтай цаашид хамтран ажиллах асуудлаар харилцан санал солилцож, манай улсад шаардлагатай бөгөөд Монгол, Египетийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бодит ирээдүй бүхий салбаруудад төрийн албан хаагчдыг илгээн дадлагажуулах, сургалтын нэр төрлийг олшруулах, үр өгөөжийг дээшлүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн Египетийн Агентлагийн ЕНБД-ыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг ЕНБД ноён Ахмед Шахийн талархан хүлээн авав.