Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЭТИОПЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЭТИОПЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Кенийн нийслэл Найроби хотноо эхэлж буй олон улсын бага хуралд оролцохоор явах замдаа Аддис Абаба хотноо түр саатаж Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын Гадаад хэргийн яамны улс төрийн асуудал эрхэлсэн төрийн сайд, хатагтай Хирут Зементэй 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр уулзав. Талууд Монгол, Этиопын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож ярилцав.

Этиопын тал Улаанбаатар хотод төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвд (ДГХБО-ын ОУСТ) нэгдэх хэлэлцээрийг соёрхон баталсанд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн баяр хүргээд цаашид ОУСТ-ийн шугамаар хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэв. Мөн тэрбээр ОУСТ-ийн Захирлуудын зөвлөлд өөрийн улсын төлөөллийг нэр дэвшүүлэхийг урьсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Этиопын Гадаад хэргийн сайдад илгээсэн захидлыг гардуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Хатагтай Х.Земен хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар монголын тал анхаарал тавьж байгаад талархал илэрхийлээд, өөрийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, далайд гарцгүй байдалтай холбоотой сорилт бэрхшээлийг даван туулах асуудлаар өөрийн улсын зүгээс явуулж буй үйл ажиллагааны талаар ярив.

Түүнчлэн манай хоёр орон бүс нутагт энхийг сахиулах НҮБ-ын үйл ажиллагаанд олон тооны цэрэг, цагдаагийн албан хаагчид илгээж, бүс нутгийн аюулгүй байдал хангах олон улсын ажиллагаанд хоёул идэвхтэй оролцож ирсэн бөгөөд цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах, мэдээлэл туршлага солилцох талаар мөн ярилцав.