Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний хүчин чадлыг нэмэгдүүлэх, гадаадын зах зээлд экспортлох боломжтой тэргүүлэх ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг төрөөс дэмжих “Монгол экспорт” хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болов. Энэхүү хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, ГХЯ-ны дэргэдэх “Монгол Улсын худалдааг дэмжих төсөл” (TRAM)-тэй хамтран зохион байгуулав.
“Монгол экспорт” хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт “Монгол экспорт” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд болон хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 50 гаруй хүн оролцож, хөтөлбөрийн төслийн талаар санал бодлоо солилцож, экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв. “Монгол экспорт” хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг бизнес эрхлэгчдийн саналыг хөтөлбөрийн төсөлд тусгаж, уг хөтөлбөрийн асуудлаар ойрын ирээдүйд дахин уулзалт зохион байгуулахаар болов.
“Монгол экспорт” хөтөлбөрийн зорилго нь экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн зонхилсон экспортын өрөөсгөл бүтцийг сайжруулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ялангуяа Монголын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүнсний органик бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, мөн холбогдох хууль эрх зүйн орчинг сайжруулахад оршиж байгаа болно.