Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНСУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ДҮНГИЙН ТАЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНСУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ДҮНГИЙН ТАЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-17-нд БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийв. Түүнчлэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзсан бөгөөд Монгол, Солонгосын бизнес форумд оролцож үг хэлэв. Мөн БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар орж ажилласан бөгөөд Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд шийдвэрлэсэн тодорхой асуудлуудын талаар дараах мэдээллийг өглөө. Үүнд:

1. Айлчлалын үеэр хоёр тал өнөөгийн Иж бүрэн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэхээр санал нэгдлээ. БНСУ-ын удирдлага харилцааг Стратегийн түншлэлд дэвшүүлэн хөгжүүлэх саналыг тавьсан.

2. БНСУ-ын Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн  ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү зээлийн хөрөнгийг Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байгаагаа манай талаас илэрхийлсэн. Солонгосын тал манай саналыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж холбогдох ажлын хэсгийг  ойрын үед Монголд илгээхээр болов.

 3. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Засгийн газраас өмнө нь олгохоор шийдвэрлэсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “10 аймгийн дулааны цахилгаан станц барих төсөл”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төсөл”-ийг энэ онд багтаан эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг Солонгосын тал хүлээж авав.

Мөн БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих төсөл”-ийг хэрэгжүүлэх асуудлыг солонгосын тал судалж үзэхээр болов. 

4. Айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны 3 дугаар хуралдааныг ирэх 3 дугаар сард зохион байгуулахаар тохиров.

5. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаашид Монгол Улсад дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд БНСУ-тай ХАА, газар тариалан, аялал жуулчлалын зэрэг салбаруудад хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснийг солонгосын тал бүрэн дэмжиж, нэн ялангуяа мэдээлэл, харилцаа холбоо, аж үйлдвэрийн салбарт хуримтлуулсан технологи, туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.

6. Айлчлалын үеэр зохиогдсон Монгол-Солонгосын бизнес форумын хүрээнд Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжуудын талаар танилцуулав. Энэхүү форумын үеэр хүнс, хөдөө аж ахуйн гаралтай, органик бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох талаар түлхүү ярилцаж гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ салбарт хамтран ажиллахыг уриалав.  

7. Талууд хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэхэд түлхэц болох Эдийн засгийн түншлэлийн (ЕPA) хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарсан судалгааны ажил амжилттай дууссаныг тэмдэглэж, дараачийн шатны ажлаа эхлүүлэхээр ярилцав.

8. Цаашид байгаль орчин, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тогтов.

9. Ерөнхий сайд Ли Наг Ен монгол иргэд БНСУ-д тав тухтай ажиллаж, амьдрах асуудалд анхаарч, монгол залуучууд тус улсад суралцах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлэв.

10. Талууд хоёр орны иргэд алсдаа визгүй зорчих зорилтын хүрээнд эхний ээлжинд олон удаагийн виз олголтыг өргөжүүлэхээр болов.

11. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзах үеэр Солонгосын тал БНСУ-д ажиллах манай ажилчдын квотыг нэмэгдүүлэхээр болж байгаагаа илэрхийлэв.

12. Айлчлалын үеэр “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

13. БНСУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгчдын мэдээллийн санг бий болгох 2.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий цахим системийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтойгоо солонгосын тал илэрхийлэв. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын өнөөгийн нөхцөлд нэн чухал болохыг манай тал нотолж, хэрэгжүүлэхээр тохиров.

14. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн санаачилсан “Шинэ Умардын бодлого”-ыг тайлбарлаж, “Евразийн зүрхэнд орших Монгол Улстай улам нягт хамтран ажиллах нөөц боломж их байгаа”-г цохон тэмдэглэв. Хоёр тал Азийн супер сүлжээ зэрэг бүс нутгийн томоохон төслүүдэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр тохиров.

15. Хоёр улс НҮБ болон олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж ажиллахаар болов. Монгол Улс Зүүн Азийн дээд түвшний уулзалт, АПЕК-т элсэх Монгол Улсын хүсэл эрмэлзлэлийг БНСУ дэмжив.

16. ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх манай “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгыг БНСУ өндрөөр үнэлж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

 ГАДААД ХАРИЛЦАААНЫ ЯАМ