Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад улсад хийж буй анхны албан ёсны айлчлалын хүрээнд хоёр улсын хамтарсан бизнес форум амжилттай зохион байгуулагдлаа. Форумын нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж оролцов. Тэрээр хэлсэн үгэндээ Бүгд Найрамдах Солонгос Улс нь бидний хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орны нэг юм гэдгийг онцлон тэмдэглэсний сацуу Солонгосын зах зээлд гаргаж буй Монголын экспортын бараа бүтээгдэхүүн, тухайлбал хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлэв. Форумд Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжууд” сэдвээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого хамтын ажиллагааны чиглэл” сэдвээр мөн уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт Бүгд Найрамдах Солонгос Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар салбарын яамдын илтгэл тавигдлаа. Солонгосын талаас Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн Дэд ерөнхийлөгч Ли Жэи Ионг, Солонгосын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн газрын дарга Чой Жан сүн нар Монгол-Солонгосын эдийн засаг, хөрөнгө оруулалт ба бизнесийн хамтын ажиллагаа сэдвээр тус тус илтгэл тавьж оролцов. Илтгэгчид Монгол Улсын байгалийн баялаг, түүхий эд болон БНСУ-ын дэвшилтэт техник технологи нь харилцан бие биенээ нөхөх эдийн засаг юм гэдэгт санал нэгтэй байв. Форумын үйл ажиллагаанд хүнс, хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, үйлчилгээ зэрэг салбарын нийт 200 орчим төлөөлөгчид оролцов. Түүнчлэн форумын төгсгөлд хоёр талын бизнес эрхлэгч нарын танилцах, харилцаа холбоо үүсгэх уулзалт боллоо.