Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ, НОРВЕГИЙН 50 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

МОНГОЛ, НОРВЕГИЙН 50 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Монгол Улс, Норвегийн Вант Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдрийг Норвегийн Вант Улсын нийслэл Осло хотноо 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Норвегийн ГХЯ-ны Улс төрийн газрын Орлогч Ерөнхий захирал Р.Квиль Элчин сайдыг хүндэтгэн үдийн зоог барив. Энэ үеэр Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Норвегийн Цог Жавхлант Хаанд илгээсэн баярын захидлыг уламжилж хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын баярын цахилгаан утсыг харилцан солилцох арга хэмжээ болов.

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас Норвегийн Вант Улсад хавсран суугаа ЭСЯ, Норвеги дахь Өргөмжит консулын газартай хамтран Осло хотын төв кино театрын хүндэтгэлийн танхимд Хүлээн авалт зохион байгуулав. Түүнчлэн хүлээн авалтын үеэр хүрэлцэн ирсэн зочдод монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн болон ардын урлагийн тоглолтыг толилуулав. Мөн “Чингисийн хүүхдүүд” монголын уран сайхны киноны нээлтийг зохион байгуулав. Хүлээн авалтад Норвегийн ГХЯ-ны удирдлага, монгол-норвегийн найрамдлын нийгэмлэг, Норвегийн Төв банк, норвегийн цаатангийн зөвлөл, норвегийн иргэд, норвегид оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцов.