Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Европ болон Гадаад хэргийн яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Энэхүү зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, францын талаас Европ болон Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Тиери Матү нар ахалж оролцов. Уулзалтаар талууд хоёр орны улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёл, боловсрол, батлан хамгаалах, онцгой байдлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцав.
Мөн энэ үеэр Европын Холбооноос гаргаад буй “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар монголын тал мэдээлж, энэхүү жагсаалтаас Монгол Улсыг хасуулах асуудалд Франц Улсын дэмжлэгийг хүсэв. Түүнчлэн ардчилал, хүний эрх, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нөөц бололцоог бүрэн ашиглахаа талууд нотолж, харилцаа, хамтын ажиллагааны цаашдын зорилтуудыг тусгасан төлөвлөгөөг хамтран гаргахаар тохиров.