Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагаас “Байгал нуур” сангийн Ерөнхий захирал А.Цветковаг хүсэлтийнх нь дагуу тус ЭСЯ-ны “Чингисийн өргөө” уулзалтын танхимд хүлээн авч уулзав. Уулзалтад тус ЭСЯ-ны байгаль орчны асуудал хариуцсан III нарийн бичгийн дарга Ц.Баттөр байлцав.
Уулзалтын эхэнд “Байгал нуур” сангийн Ерөнхий захирал А.Цветкова тус сангийн зорилго, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар Элчин сайд Б.Дэлгэрмаад танилцуулж, Монгол Улсын байгаль орчны салбарын эрдэмтэн судлаач нартай ажил хэргийн холбоо тогтооход дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Элчин сайд Б.Дэлгэрмаа “Байгал нуур” сангийн үйл ажиллагаа өргөжин тэлж байгаад баяр хүргэж, байгаль хамгаалал, аялал жуулчлалын чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах боломжийг судалж үзэхээ илэрхийлэв.