Москвагийн Иргэний нисэхийн техникийн улсын их сургуулийн аспирант Ойдовын Намбат 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр «Орос, Монгол Улсын агаарын тээврийн компанийн тээврийн агаарын хөлгийн паркийн нөхцөл байдалд болон нислэгт тэнцэх чадварын хадгалалтанд хяналт, дүн шинжилгээ хийх нь» сэдэвт бүтээлээр эрдмийн зэрэг амжилттай хамгааллаа.
О.Намбат нь тус сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан Монгол Улсын анхны иргэн болов. Түүний эрдмийн ажлыг техникийн ухааны доктор, профессор Ю.М.Чиночин удирджээ.
Эрдмийн зөвлөлийн даргаар тус сургуулийн захирал, техникийн ухааны доктор, профессор Б.П.Елисеев ажилладаг бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд тэргүүлэх зэргийн 45 эрдэмтэн багтдаг байна.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдыг төлөөлж ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга Ж.Батсайхан оролцон О.Намбатад баяр хүргэж, сургуулийн удирдлагад болон эрдмийн ажлын удирдагчид талархал илэрхийллээ.