Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын ээлжит 11 дүгээр уулзалт 12 дугаар сарын 7-ны өдөр Брюссель хотноо болж өндөрлөв. Уулзалтад манай талаас УИХ-ын Монгол, Европын Парламентын бүлгийн дарга Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцож Европын Парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга Ивета Григуле тэргүүтэй Европын Парламентын гишүүдтэй хоёр талын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын 10 дугаар уулзалтаас хойш гарсан өөрчлөлт болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлж аюулгүй байдал, бүс нутгийн асуудлуудаар санал солилцов. Европын Парламентын зүгээс Монгол Улсад энэ жил болж өнгөрсөн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль манай улсын ардчилсан тогтолцоо иргэний идэвхтэй нийгэмтэйгээ нягтран бэхжсэнийг харуулсан болохыг тэмдэглэв. Мөн Европын Холбоо манай эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийн үйл явцад санхүүгийн дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээ амласан байна.
Мөн энэ жил хоёр талын харилцаанд томоохон үйл явдлууд тохиож Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр (ТХАХ) 11 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсныг хоёр тал сайшаан дэмжиж энэхүү хэлэлцээр одоогийн харилцааг цаашид бэхжүүлж, сайн засаглал, хүний эрх, тогтвортой хөгжлийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Мөн ТХАХ хүчин төгөлдөр болсонтой зэрэгцэн Улаанбаатар хотод Европын Холбооны Төлөөлөгчийн газар нээгдсэн нь хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажил харилцааны тэргүүлэх, дээд чиглэл болсныг хоёр тал сайшаан тэмдэглэв. Монгол Улсын Их Хурлын Монгол, Европын Парламентын бүлэг болон Европын Парламентын Монгол Улс, Төв Азитай харилцах бүлэг хамтын ажиллагааны нэгэнт тогтсон хэлбэрүүдийг бэхжүүлж, цаашид хоёр ард түмний тусын тулд харилцан ашигтай харилцааг гүнзгийрүүлэн төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт шийдвэр төгс байгаагаа илэрхийлж уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Мөн Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан ТХАХ хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан талууд Монгол Улсын Их Хурал, Европын ᠌Парламентын хооронд Парламентын хамтын ажиллагааны Хороо байгуулахаар тохиролцов. Уулзалтын үеэр УИХ-ын төлөөлөгчид Европын Парламентын байранд залах Алтан гэрэгэ гардуулсан байна. Алтан гэрэгэ НҮБ-ын Нью Йорк дахь төв байр болон Вена дахь төвийн гол танхимд залагдсан байдаг юм байна.