Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ДХБ-ЫН САЙД НАРЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ДХБ-ЫН САЙД НАРЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Аргентин Улсын нийслэл Буэнос-Айрэс хотноо энэ сарын 10-13-ны өдрүүдэд болж байгаа Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Сайд нарын 11 дүгээр Бага хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Бага хурлын нээлтийн ажиллагаанд ДХБ-ын Ерөнхий захирал Роберто Азевидо хэлсэн үгэндээ Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр (ГАТТ) байгуулснаас хойшхи 70 жилийн хугацаанд дэлхийн худалдааны эргэлт 26 дахин нэмэгдсэн бөгөөд энэхүү тогтолцоо нь дэлхий нийтийн баялаг бүтээх болон ядуурлыг бууруулах үйлсэд дорвитой дэмжлэг болсон хэмээн онцлов. Мөн нээлтийн үйл ажиллагаанд Латин Америкийн Аргентин, Бразил, Парагуай, Уругуай зэрэг 4 улсын Ерөнхийлөгч нар оролцож ДХБ-ын хүрээнд явагдаж буй худалдааны олон талт хэлэлцээг дэмжихээ илэрхийлж, “Ерөнхийлөгч нарын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурж, улмаар бусад гишүүн орнуудыг тус тунхаглалд нэгдэн орохыг уриалав.

Бага хурлын хүрээнд 12 дугаар сарын 10-ны өдөр болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХО)-ын Сайд нарын хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс нь бусад далайд гарцгүй орнуудын нэгэн адил худалдааны зардал өндөр, түүхий эдийн экспортоос хэт хамааралтай байгааг дурдаад ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь энэхүү сорилтыг даван туулахад чухал ач холбогдолтойг онцлов. Тэрээр хэлсэн үгэндээ БНХАУ-ын засгийн газраас авч хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” санаачлага нь хил залгаа далайд гарцгүй орнуудын тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулах, дамжин өнгөрөх чадавхийг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдав. Мөн түүнчлэн Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй олон улсын судалгааны төв байгуулах олон талт хэлэлцээрийг далайд гарцгүй 10 хөгжиж буй орон батламжилснаар энэ оны 10 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр болсныг мэдэгдэв.

Бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань, Латви улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эдгарс Ринкэвикс болон Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Аранча Гонзалез нартай уулзалт хийж хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Бага хурлын үйл ажиллагаа үргэлжилж байна.