Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунэйжи-г хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.  

Элчин сайд АНЭУ-ын Гадаад хэргийн сайд Абдулла Бин Зайед Аль-Нахъяан, Гадаад хэргийн төрийн сайд Анвар Мохамед Гаргаш нараас Сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав.  

Тэрбээр АНЭУ Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэж, тус улс 2016 онд Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээсэн нь үүний илрэл болохыг онцлов.  Элчин сайд АНЭУ нь Зүүн Өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байгааг тэмдэглэж, сэргээгдэх эрчим хүч, хүнс, харилцаа холбоо, техник технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх сонирхолтой пүүс компаниудыг дэмжиж ажиллана гээд  дурдсан чиглэлээр АНЭУ-д 2018 онд зохион байгуулах олон улсын чуулга уулзалтад монголын сонирхсон пүүс компаниудыг оролцохыг урив.  

Мөн ноён Абдулла Аль-Тунэйжи Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмж авахад зориулж АНЭУ-ын Засгийн газраас тусламж үзүүлэхээр болсон тухай мэдээлэв.    

Сайд Д.Цогтбаатар манай хоёр улс найрсаг сайн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, Эмиратын аялал жуулчлал,  тээвэр ложистик, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбарт олсон ололт амжилт, туршлагаас нь суралцах, хамтран ажиллахад хоёр Засгийн газрын дэмжлэг чухал болохыг тэмдэглэв.  

Мөн сайд Д.Цогтбаатар Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдол бүхий томоохон төслүүдэд АНЭУ-ын талаас хөрөнгө оруулалт хийхэд дэмжиж ажиллахыг хүсч, 2018 онд хоёр талын бизнес форум зохион байгуулах, айлчлал хэрэгжүүлэх талаар анхаарах болно гэв.