Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДИПЛОМАТ АЖИЛТНЫ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ДИПЛОМАТ АЖИЛТНЫ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Гадаад харилцааны яамнаас албан хаагчдыг сургах, давтан сургах ажлын хүрээнд ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Лондон дахь Улс төр, дипломат судлалын төв CPDS (Centre for Political and Diplomatic Studies)-тэй хамтран дипломат мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх 5 хоногийн 40 цагийн сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд яаман дээрээ зохион байгуулав.

Сургалтыг Улс төр, дипломат судлалын төвийн захирал Жон Хэмэри, Элчин сайд Жийн Данн, Анду Лебрэкт нар удирдан явуулж, олон улсын харилцааны бодлого, олон талт хамтын ажиллагааны механизмын чиглэлээрх онол, практикийн гүнзгийрүүлсэн түвшний болон хувь хүний хөгжлийн хичээлүүдийг заасан болно.

Энэ удаагийн сургалт нь Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд үндэслэсэн бодит кэйс, жишээнд тулгуурлан интерактив байдлаар явагдаж, нийт 45 албан хаагч хамрагдав. Сургалтад хамрагдсан ажилтнууд олон улсын харилцааны асуудлаар бодлого боловсруулах, байр сууриа илэрхийлэх, дипломат баримт бичиг боловсруулах, илтгэл тавих, эдийн засаг, худалдааны хэлэлцээ хийх зэрэг чиглэлээр мэдлэг, чадвараа дээшлүүлэв.

Сургалтад хамрагдсан албан хаагчдын өгсөн санал асуулгын дүнгээс харахад энэхүү сургалт нь агуулга, хэлбэрийн хувьд яамны ажилтнуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, үр өгөөжтэй сургалт боллоо гэж дүгнэж, цаашид энэ төрлийн хичээл сургалтыг гадны байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэв.

Дашрамд дурдахад Лондон дахь Улс төр, дипломат судлалын төв нь Европ, Латин Америк, Зүүн Өмнөд Ази, Африкийн орнуудын Гадаад яамд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг бие даасан сургалт, судалгааны институт бөгөөд Англи, Австрали, Сингапур зэрэг орнуудын дипломат ажилтнуудад зориулсан мэргэшлийн мэдлэгийг дээшлүүлэх урт, богино хугацааны сургалт зохион байгуулж ирсэн туршлагатай байгууллага юм.