Зах зээл судлалын хүрээлэн, Уул уурхайн бус экспорт эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагаас хамтран 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Уул уурхайн бус экспортлогчдын Үндэсний анхдугаар чуулган”-д Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож нээлтийн үг хэлэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн бус экспортыг дэмжихэд онцгой анхаарал хандуулж буйг тэмдэглээд ГХЯ-ны зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчид, уул уурхайн бус экспорт эрхлэгчид гадаад улсуудад түнш олох, бараа бүтээгдэхүүнээ экспортлох шинэ суваг нээхэд гадаад орнуудад суугаа ДТГ-аар дамжуулан дэмжлэг үзүүлэх, энэ зорилгын үүднээс Технологи, инновацийн мэдээлэл судалгааны зөвлөлийг байгуулан ажиллаж байгааг дурдав.
Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг ГХЯ-наас уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, аж ахуй эрхлэгчдийн асуултад хариулав.
Уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр төрийн байгууллагуудаас хэрэгжүүлэх, мөн төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан зөвлөмжийг чуулганд оролцогчдоос гаргав.