Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН АСЕМ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН 13 ДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН АСЕМ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН 13 ДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын 13 дугаар уулзалт 2017 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Мьянмар Улсын нийслэл Нэйпидо хотноо болов. Сайд нарын уулзалтыг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд хатагтай Аунг Сан Сү Чий даргалж, Ази, Европын 51 орны Гадаад хэргийн сайд, дэд сайд, өндөр түвшний бусад албан тушаалтнууд болон Европын Холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч нар оролцов. Манай төлөөлөгчдийг Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүлэв.

“Энхтайван, тогтвортой хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх” сэдвээр болсон тус уулзалтаар АСЕМ-ын түнш орнууд Ази, Европын орнуудын нийтлэг ашиг сонирхолтой холбогдох асуудлуудыг хэлэлцэж, хоёр тив хооронд үр дүнтэй түншлэлийг бэхжүүлэх арга зам болон бүс нутаг, дэлхий дахины тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцов.

Манай төлөөлөгчдийн тэргүүн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэхдээ 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын 11 дүгээр Дээд түвшний уулзалтын дүнд “Уялдаа холбооны асуудлаарх арга замыг эрэлхийлэх хэсэг”-ийг байгуулсан нь үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлээд АСЕМ-ын хүрээнд уялдаа холбоог хөгжүүлэх асуудлыг АСЕАН болон Европын Холбооны хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдээс гадна Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хооронд байгуулахаар тохиролцсон Эдийн засгийн коридор зэрэг АСЕМ-ын бус санаачилгатай холбон хөгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.

Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ОХУ, Польш, Румын болон БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.