Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны 11 дүгээр сарын 17-нд Израиль Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ц.Хэйфэцийг хүлээн авч уулзав.
Элчин сайд Ц.Хэйфэц шинээр томилогдсон Гадаад харилцааны сайдад баяр хүргэж, Израиль Улс нь найрсаг дотно харилцаатай Монгол Улстай явуулж ирсэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлж, 2017 онд Монгол, Израилийн харилцаа идэвхтэй өрнөж ирснийг тэмдэглэв. Ялангуяа өнгөрсөн 8 дугаар сард Гадаад харилцааны сайд Израильд айлчилж, мөн үеэр болсон хоёр орны ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө байгаагаа израилийн тал нотлов.
Сайд Д.Цогтбаатар Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн дэлхийд алдартай Израилийн хөдөө аж ахуйн салбарын тэргүүний туршлагаас суралцаж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг энэ чиглэлд идэвхтэй хөгжүүлэхэд анхаарч ажиллахын чухлыг тэмдэглэж, Элчин сайдыг анхаарч ажиллахыг хүсэв.