Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр БНСВУ-аас Монгол Улс суугаа Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг-ийг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Сайд Д.Цогтбаатар Манай улс Вьетнам Улстай хөгжүүлж буй харилцаанд чухал ач холбогдол өгдөг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөн хөгжүүлэхийг зорьж байгааг онцлон тэмдэглээд цаашид хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулахын чухлыг тэмдэглэв. Мөн эдийн засгаа тогтвортой бөгөөд хурдацтай хөгжүүлж буй Вьетнам Улсын туршлагаас суралцах, нэн ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр явуулж буй бодлогын талаар судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Доан Тхи Хыөнг Вьетнам Улсын Засгийн газрын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-ээс Сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлснийг уламжилж, Монгол Улсын дээд удирдлагаас ойрын үед Вьетнам Улсад айлчлал хийнэ гэж вьетнамын тал хүлээж байгааг мэдэгдэв. Тэрээр өнгөрсөн 8 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Вьетнамын ЗГХК-ийн 11 дүгээр хуралдаанаар хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч 2017-2019 онд 34 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохирсон. Ялангуяа, Монгол Улсаас ямаа, хонь, үхрийн гүн хөлдөөсөн мах, Вьетнам Улсаас тахиа, гахайны гүн хөлдөөсөн мах, цагаан будаа, кофе, хүнсний ногоо харилцан нийлүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болсон. Мөн манай хоёр орон уул уурхай, ашигт малтмал болон газрын тосны эрэл хайгуул, олборлолтын чиглэлээр хамтарч ажиллах өргөн боломжтой байгааг тэмдэглэв.