Монгол-Нидерландын ГХЯ-д хоорондын улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт энэ оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Гааг хотод болов. Уулзалтад манай талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Нидерландын талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Питер Потман тэргүүлэв. Уулзалтын эхэнд талууд хоёр улсын дотоод улс төр, эдийн засгийн байдлын талаар танилцуулж, улмаар хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлуудаар санал солилцов. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг онцлоод, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, усны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хамтран ажиллах, Европын Холбоотой байгуулсан Иж бүрэн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Нидерландтай хамтран тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлаар ярилцав. Нидерландын талаас хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө Нидерландын бизнес эрхлэгчдэд Монголын хөрөнгө оруулалтын орчин, боломжийн талаар мэдээлэл өгч, тэдний сонирхлыг татах нь чухал байгааг онцлов. Талууд хоёр улсын хооронд улс төрийн яриа хэлэлцээг тогтмол хийж байх нь чухал болохыг онцлон тэмдэглээд ГХЯ-д хоорондын дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалтыг ирэх онд Улаанбаатарт зохион байгуулахаар тохиролцов. Нидерландын талаас ирэх оны зөвлөлдөх уулзалтын үеэр бизнес эрхлэгчдийн төлөөллийг дагуулан очиж, хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд бодит харилцаа тогтоох боломжийг судлаж үзэхээ илэрхийлэв. Түүнчлэн уулзалтын үеэр иргэд харилцан зорчих асуудал болон Нидерландад амьдарч буй монгол иргэдийн асуудлаар ярилцаж, улмаар консулын зөвлөлдөх уулзалтыг цаашид тогтмол хийж байхаар тохиролцов.