Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андрэа Дэ Фелипийг хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий Итали Улсын анхны суурин Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Сайд Д.Цогтбаатар сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буй Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, чингэхдээ харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжихэд анхаарал хандуулахаа илэрхийлэв.
Элчин сайд Дэ Фелип Монгол Улсыг тулгуурлан Орос, Хятад, Азийн бусад улс орнуудад бараа, бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэдгийг Италийн бизнес эрхлэгчдэд таниулахад ач холбогдол өгч, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдээлэв. Сайд Д.Цогтбаатар Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг Италийн хөрөнгө оруулагчидтай холбож өгөх, хамтран ажиллахад шаардлагатай санхүүжилтийн схемийг бий болгоход хамтран ажиллах санал тавив.
Түүнчлэн амжилттай хөгжиж буй хоёр талын соёл, спортын салбарын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, хамтарсан арга хэмжээг зохион байгуулан туршлага хуваалцахад анхаарал хандуулахаа талууд илэрхийлэв.