Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны 11 дүгээр сарын 10-нд Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Халид Яатийм Аль-Фадли-г хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд Кувейт Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Сабах Халид Аль-Хамад Аль-Сабахаас сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлснийг уламжилж, Кувейт Улсыг 2018-2019 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүнээр сонгогдон ажиллахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Сайд Д.Цогтбаатар манай хоёр улс найрсаг сайн харилцаа хөгжүүлж, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирснийг дурдаад, цаашид соёл, спортын салбарт хамтран ажиллах, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, тэдэнд шардлагатай хөрөнгө оруулалтыг олж, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллахын чухлыг тэмдэглэв. Монгол, Кувейтийн хооронд 1975 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Кувейтийн тал манай улсад 78.04 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд үүнээс Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн хооронд нийт 415 км авто замыг барихад 58.26 сая ам.доллар, Говь Алтай аймагт Тайширын усан цахилгаан станцыг барихад 19.78 сая ам.долларыг зарцуулсан. Өвөр Зайсанд “Кувейт-Монголын Судалгааны төв” байгуулахад 3.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Кувейт Улсын Засгийн газраас 2016 онд Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлэн, 35 айлын орон сууцны хотхон барих, Хэнтий, Баян-Өлгий аймгуудын нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад буцалтгүй тусламж үзүүлжээ. Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг 2017 оны 5 дугаар сард Кувейт Улсад зохион байгуулсан ба энэ үеэр Кувейт Улсын Засгийн газраас Түлэнхийн төвийн барилгыг барихад 8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн болно.