Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Брюссель хотноо Бельгийн Вант Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Регин Вандрэйстэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бельгийн Вант Улс нь манай улсын гуравдагч хөршийн нэг бөгөөд Европын Холбоон дахь чухал түнш гэдгийг онцлоод хоёр талын харилцааг бүхий л салбарт тэр дундаа, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын салбарт түлхүү хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн энэ оны 5 дугаар сард Гадаад харилцааны сайд нарын уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр санал солилцов. Тухайлбал, Бельгийн Засгийн газраас санхүүжүүлж буй “Баруун бүсийн эмчилгээ, оношилгооны төвийг бэхжүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, Гадаад хэргийн яамд хооронд тогтмол зөвлөлдөх уулзалт, яриа хэлэлцээ хийж байх, Бельги улсад Монголын соёлын төв байгуулах зэрэг асуудлаар ярилцав. Бельгийн тал манай улстай бүхий л салбарт, тэр дундаа эрүүл мэнд, усны менежмент, эрчим хүчний салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн мөн өдөр Европын Комиссын Худалдааны Комиссарын орлогч Мариа Асэниустэй уулзаж, Монгол Улс-Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Уг уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улс Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын Холбоотой хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, чингэхдээ ЕХ-ны гишүүн орнуудын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааг өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв. Энэ хүрээнд өнгөрсөн 3 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдаан хийгээд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын 5 дугаар сард Европын Холбоонд хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар санал солилцохын зэрэгцээ 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр болон Европын Холбооны Төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо нээгдэж байгаа нь хоёр талын харилцааг эрчимжүүлж, хамтын ажиллагааг шинэ салбаруудад өргөжүүлж, агуулгыг баяжуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Европын Холбооны зүгээс хувьд Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд стратегийн ач холбогдол өгч буйг цохон тэмдэглэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.