Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН 12 ДАХЬ УДААГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН 12 ДАХЬ УДААГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри улсад суугаа ЭСЯ тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол иргэд, “Монголын төлөө зүрх бүхэнд ТББ хамтран 2017 оны 10 дугаар сарын 2729ий өдрүүдэд Вена хотноо “Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд ХБНГУ, ИБУИНВУ, ОХУ, Шведийн Вант Улс зэрэг Европын 12 оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын 36 баг, 500 орчим тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Эрэгтэй багаас ХБНГУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын “Буяны сэтгэлт хүү”, эмэгтэйчүүдийн багаас мөн ХБНГУ-аас оролцсон “Sky” эмэгтэйчүүдийн баг тус тус тэргүүн байр эзэлж Гадаад харилцааны яамны өргөмжлөл, шилжин явах цомоор шагнуулав. Эрэгтэй багаас удаах байруудыг “Мон Бер”, “Соёмбо” багууд эзэлсэн бол “Оддын охид”, “Money Polo” багууд эмэгтэйчүүдийн төрөлд мөнгө, хүрэл медалийг тус тус хүртэв.

Энэ жилийн тэмцээний үеэр мөн Европ дахь Монголчуудын заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах Анхдугаар тэмцээн, билльяардын тэмцээн, хөтөчтэй аялал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдсан нь урьд урьдын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс онцлог болов.

Европын орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын дунд жил бүр зохион байгуулагддаг уг тэмцээн өргөн хүрээнд болж баг тамирчид, хөгжөөн дэмжигчид, зохион байгуулагчид зэрэг нийт 1100 гаруй Монголчууд Вена хотноо хуран цуглаж спортоор нөхөрлөсөн үр дүнтэй арга хэмжээ боллоо.