Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 6-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад хэргийн тэргүүн дэд сайд асан, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Японы талын хэлэлцээрийн багийг ахалсан С.Кихара-г хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг салбар бүрт гүнзгийрүүлэх, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар болон бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Сайд Д.Цогтбаатар Монгол, Японы ЭЗТХ-ийг байгуулах явцад анхнаас нь гар бие оролцож ирсний хувьд уг хэлэлцээр чанарын өндөр түвшинд байгуулагдсанд баяртай буйгаа тэмдэглэв. Талууд ЭЗТХ-ийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, энэ хүрээнд Японы өндөр технологийг Монголд нутагшуулж, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, Монголын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, тухайлбал хонины ноос, эмийн ургамлыг Японы зах зээлд экспортлох зэргээр үр өгөөжтэй, бодит хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар тогтов.