ӨМӨЗО-ны их, дээд сургууль, ажил мэргэжлийн сургуулиудад Монгол Улсаас 2100 оюутан суралцаж байна. Монгол оюутнуудын дунд зохион байгуулдаг Соёл хүмүүжил, урлаг спортын арга хэмжээний ажлын хүрээнд Өвөр монгол дахь Монгол Улсын оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн-2017” 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Өвөрмонголын Тариалангийн их сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрэгтэй 8 баг, эмэгтэй 5 баг оролцож авьяас хүч, авхаалж самбаагаа уралдуулж эрэгтэй тамирчдаас 1-р байрт Ж.Буяндэлгэр ахлагчтай Өвөрмонголын их сургуулийн 1 дүгээр баг, 2-р байрт Н.Амар-Амгалан ахлагчтай Өвөрмонголын багшийн сургуулийн баг, 3-р байрт З.Дөлбаяр ахлагчтай Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургуулийн баг, эмэгтэй тамирчдаас 1-р байрт Б.Сэлэнгэ ахлагчтай Өвөрмонголын их сургуулийн баг, 2-р байрт О.Мөнхцэцэг ахлагчтай Өвөрмонголын тариалангийн их сургуулийн баг, 3-р байрт А.Даваасүрэн ахлагчтай Өвөрмонголын Багшийн их сургуулийн баг тус тус шалгарлаа.
Багуудын нийлбэр дүнгээр Өвөрмонголын их сургуулийн баг тамирчид шалгарч Монгол Улсын оюутны холбооны нэрэмжит шилжин явах цомын эзэн боллоо. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Өвөрмонгол дахь Монгол Улсын оюутны холбоо, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсаас ӨМӨЗО-нд суугаа Ерөнхий консулын газар ажиллалаа.
Хөх хот.
Ерөнхий консулын газар